Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналт
Эрүүгийн хуулиар нийгмийн амин чухал эрх ашиг, сонирхлыг гэмт халдлагаас хамгаалдаг бол Зөрчлийн тухай хууль тогтоомжоор Эрүүгийн хуулиар хамгаалах шаардлагагүй нийгмийн бусад харилцааг хамгаалдаг. Зөрчлийн тухай хуулиар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг зааж, зөрчлийн шинжийг бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлдог. Нийгмийн хор аюул багатай үйлдлүүд түүнчлэн хууль, дүрэм, журам, норм, стандарт зөрчсөн эсхүл тодорхой нэрлэн заасан үйлдэл, эс үйлдэхүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үздэг байна.
Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хангах зорилгоор явуулж буй хэрэг бүртгэлт, уг ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдаж буй эсэхэд тавих прокурорын хяналт, оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг шүүхээр хянан шийдвэрлэх цогц ажиллагааг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа гэж ойлгож болох юм.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч 4 төрлийн субъектийг хуулиар тогтоож өгсөн. Үүнд:
эрх бүхий албан тушаалтан,
зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан,
прокурор,
зөрчил хянан шийдвэрлэх шүүх.
Зөрчлийн хэрэг бүртгэлтэд зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд прокурорын хяналт хэрэгждэг бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, улсын хэмжээн дэх зөрчлийн тоо бүртгэлийг нэгтгэн хариуцдаг.
Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих явцдаа зөрчлийн хэрэг, материалтай танилцах нь зөрчлийг шалгах явц, ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж буй эсэхэд чиглэгдэх ба эрх бүхий албан тушаалтнаас нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн байдал, хүн, хуулийн этгээдийн эрх, ашгийг зөрчсөн эсэх зэрэг хэрэг бүртгэлтийн ажиллагаанд бүхэлд нь үнэлэлт, дүгнэлт өгнө.
Прокурор зөрчлийн хэрэг, материалыг хянах, танилцах явцдаа зөрчлийн хэрэг бүртгэлтийг бүрэн гүйцэд бодитой явуулах үүднээс тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр даалгавар өгч болох бөгөөд үүндээ дутуу хийгдсэн болон цаашид хийх ажиллагааны талаар тодорхой заана. Түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.